Гутлын чанар чансааг хэрхэн таних вэ?
Зарим хүмүүс гутал сонгохдоо сүүлийн үеийн моодыг дагадаг бол нөгөө хэсэг нь хөлд эвтэйхэн байдал ба үнийг нь харж сонголтоо хийдэг. Харин хэн бүхэн худалдаж авсан гутлаа аль болох удаан өмсөгдөхөөр байгаасай гэж хүсдэг тул юуны өмнө гуталны чанарыг анхаарах нь ойлгомжтой. Тэгэхээр, зөв хийцтэй, чанартай гутлыг хэрхэн таньж болох тухай цөөн хэдэн зөвөлгөөг хүргэе.
Ямаанаас буга хүртэл
Гутал хийхэд ихэнхидээ тугалын, үхрийн, ямааны арьс болон гахайн ширийг ашигладаг.
Тугал, үхрийн арьс. Хамгийн удаан эдэлгээтэй, бөх бат бөгөөд зузаан арьсанд тооцогддог. Зузаан нь 1,8 – 2,5 мм. Ийм арьсаар хийсэн гутлыг өдөр тутам, цаг агаарын хэцүү нөхцөлд ч өмсөхөд болно. Гахайн шир. Бөх бат чанараараа тугал, үхрийн ширийг гүйцэхгүй, үнэ нь ч хямд. Ус чийгэнд тэсвэр муутай – амархан хэлбэрээ алддаг. Тиймээс, гахайн ширийг ихэнхидээ гутлын улавч, гутлын дотор, түрий зэргийг хийхэд ашигладаг. Ямааны арьс. Үүнийг бас шевро гэдэг. Хамгийн нимгэн /1,8 – 1,5 мм./ цэвэрхэн арьс учраас эмэгтэй хүний гоёлын гутал хийдэг. Илэг. Ихэнхидээ буга, хандгайн арьсаар хийдэг. Нимгэн /0,7 – 1,5 мм/ зөөлөн арьс. Бат бөх чанараараа шеврогоос муу. Давуу тал нь зурагддаггүй, үзэмж байдлаа удаан хадгалдаг, тусгай бодис цацаж шингээхэд ус нэвтрэхгүй болдог. Сөрөг тал нь – бохирдлыг нь арилгах амаргүй. Нубук ба велюр. Аль аль нь – өнгөлсөн арьс. Арьсыг дотор талаас нь өнгөлсөн бол – велюр, өнгөн талаас нь өнгөлсөн бол – нубук болно. Спилок. Гахайны арьсны хуулгаар хийдэг. Велюртэй төстэй харагддаг. Ус чийгэнд тэсвэргүй учраас, офист өмсөх зориулалтын гоёлын гутал хийдэг.
Хиймэл арьсыг хэрхэн таних вэ?
Орчин үед, технологийн дэвшлийн улмаас хиймэл арьсыг жинхэнээс ялгахад нэлээд төвөгтэй болжээ. Зарим худалдаачид хуурамч арьсыг жинхэнэ гэж итгүүлэн илүү үнээр зарахыг эрмэлздэг болохоор хиймэл арьсыг хэрхэн ялгах талаар хэдэн зүйл хэлье. Юун түрүүнд гуталны шошгон дээрх дүрсийг харах хэрэгтэй. Дэлгэсэн арьсны хэлбэр бүхий зураг байвал жинхэнэ арьсаар хийснийг илэрхийлнэ. Ромбны дүрс байвал – хиймэл арьсаар хийсэн гэсэн үг. Даавуун гутал бол сүлжмэлийн дүрсээр илэрхийлдэг.
Италиар арьсыг vera pelle, англиар genuine leather, германаар echtleder, францаар- cuir гэж бичдэг. Гуталны цахилгааны дагуу барьж оёсон цэвэр арьсанд бүү хууртаарай. Биднийг төөрөгдүүлэх гэж л ингэдэг юм. Хиймэл арьсны буруу талыг харуулахгүйн тулд ирмэгийг нь нугалж оёсон байдаг. Арьсыг танихын тулд гутлыг алгаараа дараад хэсэг байхад амархан танигдана. Жинхэнэ арьс бол хэсэг хугацааны дараа бүлээн болдог бол хуурамч арьс сэрүү татах мэдрэмж төрүүлдэг. Алгаа салгахад хиймэл арьсан дээр чийг үлдсэн байна.Үнэрээр нь ялгах бараг боломжгүй: хиймэл арьсанд натурал үнэр шингээчихсэн байдаг. Гэртээ ирээд гутлан дээрээ ус дусааж шалгаж болно. Хиймэл арьсан дээр усны дусал тогтохгүй, харин жинхэнэ арьсан дээр тогтохоор барахгүй, хэсэг хугацааны дараа арьс руу шингээд орчихно.
Жинхэнэ илгэн арьсыг илэхэд тааламжтай, зөөлхөн байдаг. Барзгар байх учиргүй. Бага зэргийн нүхнүүд, зурааснууд байвал натурал чанарыг нь л илтгэнэ. Мөн гараараа илэхэд өнгө нь өөрчлөгдөх ёстой.
Гутал хийдэг бас нэгэн материал бол - шахмал арьс. Үүнийг хаягдал арьсыг жижиглэн тээрэмдээд, цавуулаг бодис нэмж хутгаад хуудас болгон шахдаг. Өнгөн хэсгийг нь будна. Ийм материалыг жинхэнэ арьстай харьцуулъя гэвэл ургаж байгаа өвсийг малын ходоодноос гаргасан өвстэй харьцуулсантай ижил юм.
Гутал авахаасаа өмнө анхааралтай ажиж шалгаарай. Чанартай арьс бол:
хэлбэрээ сайн хадгалдаг учраас гутлын хоншоор маш тод хэвтэй болсон байх учиртай. Гуталны хоншоорыг ээтийлгэн нугалахад амархан нугарч буцаж хэвэндээ орж байвал сайн гутал гэсэн үг. Хуруугаараа дараад нэг үз. Чанартай арьс бол бага зэрэг үрчийгээд хэвэндээ орно. Хуурам болон чанаргүй арьс бол үрчийхгүй, толигор хэвээрээ үлдэнэ. гарыг тань бохиртуулахгүй. Хуруугаа норгоод арчсан ч ямар нэгэн ул мөр үлдэхгүй. Хэрэв толбо үлдэж байвал – цас бороо “үзэж чадахгүй” гутал байна гэж ойлгоорой. заавал зөөлөн, нимгэн байх албагүй. Хэтэрхий нимгэн арьсаар хийсэн гутал хэлбэрээ амархан алдахаас гадна, түрийтэй гутал бол түрий нь доош хунираад байдаг. Оёдлын ирмэгээр харагдаж байгаа арьсны зузааныг нь үз : 0,8 – 1,2 мм. байвал зүгээр. Үүнээс зузаан бол амархан хагарал үүсдэг.
Гуталны доторх арьс ч гэсэн жигд, гөлгөр, элдэв хөл холгохоор товгор төвгөргүй байх ёстой. Доторхи оёдлуудыг тэмтрэхэд ирмэг мэдрэгдэх ёсгүй.
Гутлыг тавцан дээр тавиад хажуунаас нь хар. Өсгий нь тавцантай бүх хэсгээрээ харьцаж, харин өлмий нь бага зэрэг өргөгдсөн байх ёстой. Бас нэг чухал зүйл: гуталны хоншоорны хэсгийн улыг сайн хар. Ул нь хоншоорноос яльгүй илүү гарсан байвал гуталны хоншоор цохилтонд өртөх нь багасна. Гутлаа улан талнаас нь сайн хар: улнаас хальж гарсан хэсгүүд байх ёсгүй. Үстэй дотортой гутал бол үснээс нь зулгаагаад үз. Чанаргүй гутал бол сугараад ирнэ.
Бяцхан зөвөлгөөнүүд
* Хэт хатсан гутланд эрэндийн тос / касторовое масло/, глицерин, вазелин зэргийг шингээгээд, дараа нь гялалзтал нь арчаарай.
*
* Хүрэн гутлыг кофены шаараар цэвэрлэж болно.
*
* Өнгийн гутланд бий болсон толбыг талласан сонгиноор үрж арилгана. Өнгө болон гялгар байдлыг нь хадгалахын тулд хагас стакан сүүнд нэг өндөгний хөөсрүүлсэн цагаан уургыг холиод үүгээрээ арчвал сайхан болно.
*
* Илгэн гутлыг хар талхны захаар, эсвэл баллуураар цэвэрлэнэ. Налсан үсийг нь босгохын тулд халуун ууран дээр хэдэн секунд бариад, хатуу үстэй сойзоор самнана.
*
* Шинэ гутлыг өмсөхөөсөө өмнө ус, шавар, давснаас хамгаалах бодисыг цацна. Бодис шингэхээ больтол нь дахин дахин цацах хэрэгтэй.
*
* Мөс хайлуулах зорилгоор зам дээр цацдаг реагентууд гутланд шингэснээр цайрч харагдан өнгө үзэмжгүй болгодог. Үүнийг арилгахын тулд хүүхдийн тос /детский крем/ түрхэж хонуулна.
*
* Велюрэн гутлыг резинэн сойзоор цэвэрлэнэ.